OpenAI компани Монгол улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаас гурав дахин их чадалтай дата төвийг түрээслэхээр болжээ
2025-07-07 01:20:57
Хиймэл оюуны технологийн OpenAI компани АНУ-ын засаг захиргааны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Stargate төсөлдөө зориулан Oracle компаниас асар их хэмжээний хүчин чадалтай дата төвүүдийг түрээслэхээр болсныг эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.
Тухайлбал эдгээр дата төвүүдийн эрчим хүчний нийт хүчин чадал 4.5 гигаватт болохыг энэ төсөлд ойр ажилладаг эх сурвалжууд мэдээлсэн байна.
Энэ бол Монгол улсын нийт суурилагдсан хүчин чадлыг гурав дахин өсгөсөн хэмжээ юм.
Нэг гигаватт эрчим хүч бол цөмийн нэг реакторын үйлдвэрлэж чадах буюу 750,000 орчим айл өрхийг хангах хэмжээний эрчим хүч.
Энэ долоо хоногийн эхээр Oracle компани жилийн $30 тэрбумын дүнтэй дата төвийн үйлчилгээний гэрээг нэрийг нь дурдаагүй нэг компанитай байгуулснаа зарлаж байв. Уг орлого 2028 оны санхүүгийн жилээс эхлэн тус компанийн тайланд тусгагдаж эхлэх юм байна.
Дээр дурдсан OpenAI компанийн түрээс энэ гэрээний нэг хэсэг бололтой.
Нэгдүгээр сард ерөнхийлөгч Трампыг тангараг өргөсний дараахан OpenAI, Oracle, Softbank компаниуд хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх $500 тэрбумын Stargate төслийг эхлүүлж байгаагаа Цагаан ордонд болсон ёслолын арга хэмжээний үеэр зарласан юм.
Тэр үеэс хойш Техас мужийн Абилин хотод Oracle компани OpenAI-ийн томоохон дата төвийг байгуулж эхэлжээ.
Цаашдаа OpenAI-ийн хэрэгцээг хангахын тулд АНУ даяар олон ийм төв байгуулах мэдээлэл бий.
Зөвхөн Абилин дахь төв нь 1.2 гигаваттын хүчин чадалтай бөгөөд удахгүй 2 гигаватт болгон өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Дээрх мэдээ цацагдсаны дараа Oracle компанийн нэгж хувьцааны ханш 5 орчим хувиар өсөж, түүхэн дээд хэмжээндээ буюу $229.98 хүрсэн байна.
Анх өгөгдлийн сангийн программ хангамжаараа танигдаж байсан тус компани одоо үүлэн технологид суурилсан дата төвийн үйлчилгээг бизнесийн байгууллагуудад үзүүлдэг. Oracle-ийн хувьцааны ханш энэ оны эхнээс 38 хувиар өсөөд байгаа нь Stargate төсөлд оролцож байгаатай нь холбоотой.
$30 тэрбум бол Oracle компанийн одоогийн үүлэн технологийн дэд бүтцийн бизнесийн хэмжээнээс ч их мөнгө юм.
Эх сурвалж: Bloomberg